Хоол ирээд байна уу шатаар өгсөөд байна уу

Каон нь пионуудад, пион нь мюонд, мюон нь электронд задардаг тул электроноос эхлээд мюон, пион, каон гээд «шат ахиад» явдаг гэж төсөөлж болно. Тэгээд бөөмсийн задралыг энэ шатаар уруудахтай зүйрлэж болно.

Протоноос хүнд бөөмсийг ерөнхийд нь «гиперон» буюу «дээд бөөмс» гэдэг байсан ба цэнэггүй Лямбда, цэнэгтэй Сигма гиперонууд анх яаж нээгдсэнийг өмнө дурдсан. Гиперонууд нь мезонуудтай адилхан хүчтэй харилцан үйлчлэлд ордог. Ялгаатай тал нь гиперонууд хүндээс гадна спин нь бүтэн хагас. Өөрөөр хэлбэл гиперонууд нь фермионууд болно. Хүчтэй харилцан үйлчлэлд ордог фермионыг «барион» буюу «хүнд бөөм» гэдэг. Тэгэхээр «барион» ангилалд протон, нейтрон болон гиперонууд лав багтана гэсэн үг. Дундын (мезон) болон хүнд (барион) бөөмсийг нийтэд нь «овортой бөөмс» буюу адронууд гэдэг.

Дээр дурдсан бөөмсөөс электрон ба мюон нь хүчтэй харилцан үйлчлэлд ордоггүй фермионууд бөгөөд массаараа бусдаасаа хөнгөн тул «лептон» буюу «хөнгөн бөөмс» гэгддэг. Харин пион ба каон нь хүчтэй харилцан үйлчлэлд ордог бозонууд ба «мезон» буюу «дундын бөөмс» гэсэн ангилалд багтана. Массаараа бүгдээрээ протоноос хөнгөн.

Лямбда бөөм нь

Лямбда → протон + сөрөг пион

гэж задардаг бол, Сигма бөөмс нь

эерэг Сигма → протон + саармаг пион

эерэг Сигма → нейтрон + эерэг пион

сөрөг Сигма → нейтрон + сөрөг пион

маягаар ихэвчлэн задардаг. Тэгэхээр Лямбда, Сигма бөөмс нь протон нейтроноос нэг шат дээгүүр төвшинд байдаг гэж хэлж болно.

Эндээс Лямбда, Сигма бөөмсөөс дээгүүр төвшний шатлалд орших бөөмс байдаг уу? гэсэн асуулт шууд урган гарна. Хариулт нь: Мэдээж.

Лямбда, Сигма нараас нэг шат дээгүүр орших бөөмсийг «каскад» буюу «Кси» бөөмс гэдэг. Анх 1952 онд Манчестер дахь Рафаэль Арментерос, Клиффорд Батлер нарын багийнхан сөрөг цэнэгтэй Кси бөөмийг сансрын туяанаас илрүүлсэн ба энэ нь

сөрөг Кси →  Лямбда + сөрөг пион

гэж задардаг. 

Дээрх зурагт хөөст хайрцагны зүүн талаас орж ирсэн сөрөг каон (цэнхэр) орчин дахь цөмтэй харилцан үйлчлэлцсэнээр сөрөг Кси (ногоон) ба эерэг каон (улаан) бөөмс төрсөн. Сөрөг Кси гиперон цаашаа Лямбда гиперон (харагдахгүй) ба сөрөг пионд (цайвар цэнхэр) задарсан бол, Лямбда гиперон нь өөрийн ээлжинд протон (ягаан) сөрөг пион (цайвар цэнхэр) хоёрт задарчээ.

This entry was posted in Физик, түүх, эгэл бөөм and tagged , , . Bookmark the permalink.

Сэтгэгдэл бичих