Техас нэрний учир

Техасын нэр нь тэнд амьдарч байсан уугуул индианчууд өөрсдийгөө ТЕШАС гэж хэлдэг байснаас үүдэлтэй. Үнэндээ бол ТЕШАС гэдэг “найзууд, хамсаатнууд” гэсэн үг бөгөөд уугуул хүмүүс өөрсдийгөө танилцуулахдаа мөн бие биенийгээ найзууд гэж хэлж байсныг нь Испаничууд өлгөж аваад тэр бүлэг хүмүүсийн нэр болгочихсон хэрэг.

Испани хэлэнд Ш авиаг тэмдэглэх үсэг байдаггүй учир галис, каталан, португали зэрэг хэлэнд X үсгээр Ш авиаг тэмдэглэдгийг испаничууд зээлдэж аваад, тэр газрын нэрийг TEXAS гэж бичих болсон. Харин тухайн үед эх газрын Испанид X үсэг нь манайхаар бол Х (хэ) авиаг голдуу тэмдэглэдэг байж (X буюу Икс үсэг нь грекийн χ буюу Хи үсгээс улбаатай гэдгийг санаарай). Ингээд олон жил өнгөрөхөд зөвхөн тухайн орон нутгийн хүмүүс нь л ТЕШАС гэж уншаад, бусад ихэнх хүмүүс ТЕХАС гэж унших болсон. Сүүлдээ дуудлагаар нь эх газрын Испанид бүр TEJAS гэж бичих явдал хүртэл дэлгэрсэн. Тэгэхээр бид Техас гэж бичиж бас дууддаг нь Испаничуудын дуудлагыг Оросоор дамжуулж авсан хэрэг. Харин англи хэлэнд Тексас гэж уншдаг нь TEXAS гэдгийн X үсгийг англи хэлтнүүд өөрсдийнхөөрөө уншсанаас болж байгаа зүйл. 

Дээрхтэй төстэй олон жишээ байна. Жишээлбэл MEXICO нь уугуул хүмүүсийнхээ хэлээр МЕШТЛИЙКО маягийн дуудлагатай үг байсныг Испаничууд МЕШИКО гэж дуудах зорилготойгоор MEXICO гэж бичих болсон боловч тэр нь эх газар ирэнгүүтээ МЕХИКО гэсэн дуудлагатай болчихсон. Тэгээд жаахан удахад энэ дуудлага нь стандарт дуудлага болж хувирсан. MEJICO гэж бичих явдал ч дэлгэрсэн.

Мексикийн Jalapa буюу Xalapa нэртэй хот байна. Энэ хотын нэр нь ШАЛИ-АПАН гэдэг уугуул Америк үгнээс үүдэлтэй. Цаашилбал jalapeno буюу халапеньо гэж яриад байдаг халуун ногооны нэр энэ газрын нэрнээс улбаатай.

Уугуул индианчуудын тэр Ш авиа Испаничуудын аманд ороод зөвхөн Х биш өөр авиа болж хувирсан тохиолдлууд бас бий. Жишээлбэл дараах газар орны нэрсийг дурдаж болно.

  • Chignahuapan – Чигнауапан хот, Ш нь Ч болсон
  • Xochimilco – Сочимилько нуур (бас дүүрэг), Ш нь С болсон
  • Tlaxcala – Тласкала муж, Ш нь С болсон
This entry was posted in Элдэв зүйлс, түүх and tagged , . Bookmark the permalink.

Сэтгэгдэл бичих