Оддын байрлал

Одон орон сонирхож эхэлж буй хүмүүст зориулаад дор үзүүлсэн шиг оддын зурган дээрх тоонууд нь ямар учиртай юм бэ, зургийг бодит тэнгэртэй яаж холбох вэ гэдэг талаар ойлголт өгөх гэж оролдъё.

Долоон бурхан

Дэлхийн газрын зурагт уртраг, өргөрөг ашигладаг шиг оддын зураг дээр одны байрлалыг бас хоёр тоогоор илэрхийлдэг. Энэ зураг дээр бол хамгийн өргөн хэрэглэгддэг «экваторын координатын систем» гэгчийг ашигласан байна. Үүнд хэвтээ чиглэл дэх тоог нь «цэх мандал» гэдэг бөгөөд 0-оос эхлээд 360˚ хүртэл баруунаас зүүн тийшээ тэнгэрийг бүтэн тойрдог. Цэх мандлыг бас цаг, минут, секундээр илэрхийлдэг (тэгвэл 360˚= 24 цаг буюу 1 цаг = 15˚гэж үзнэ). Хүн таван одны W үсэгний хамгийн баруун талын од ойролцоогоор 0 дээр байгаа. Тэгээд Мичид 57˚ (4 цаг) орчимд, Марал 82˚ (5 цаг 30 мин) орчимд, Долоон бурхны шанаганы толгой 165˚ (11 цаг) орчимд, шанаганы бариулынх нь үзүүр 210˚ (14 цаг) орчимд байна.

Аполлон-11 хөлгийнхний авч явсан оддын зураг

Зураг дээр хойшоо урагшаа байрлалыг заасан тоог нь «хазайлт» гэж нэрлэдэг ба «тэнгэрийн экватороос» эхлээд хойшоо урагшаа градусаар тоолдог. «Тэнгэрийн экватор» гэдэг нь дэлхийн экваторын хаа нэгтээгээс харахад яг орой дээр харагдах однуудыг агуулна. Тэгэхээр жишээ нь Алтан гадас одны хазайлт 90˚ орчим, Долоон бурхных 60˚ хавьцаа байна. Түүнчлэн Мичид 24˚ орчимд, Марал 0˚ орчимд байрладаг. Харин Хөхдэй мэргэн одны хазайлт –16° байдаг нь энэ од тэнгэрийн экватороос урагшаа байрлана гэсэн үг. Манай орны хувьд бол газарзүйн өргөрөг нь 45˚ орчим байдаг учраас тэнгэрийн экватор яаж харагдах вэ гэвэл, тэнгэрийн зүүн хаяанаас эхлээд баруун хаяа руу орсон, хамгийн өндөр цэг нь газраас 45˚ өнцгийн өндөрт байрлах тэнгэр дээрх хагас тойрог болж харагдана.

Тэнгэрийн экватор нь дэлхийн экватор дээр зогсож байгаа хүмүүс чанх дээшээ харахад харагдах оддыг агуулна.

Оддын хувьд бол цэх мандал, хазайлтаар илэрхийлсэн тэнгэр дэх координат нь маш удаан өөрчлөгддөг. Ер нь оддын тэнгэр дэх харилцан байрлал өөрчлөгдөхгүй тогтмол байдаг гээд бодчиход нэг их буруудахгүй. Тэнгэрийн бөмбөлөг ододтойгоо цуг бүхлээрээ зүүнээс баруун тийш, хоногт нэг бүтэн эргэнэ. Өөрөөр хэлбэл өдрийн гэрлээс болоод одот тэнгэр биднээс үе үе халхлагддаг л болохоос хоёр туйлын ойролцоох однуудаас бусад бүх од нар шиг мандаж жаргаж байдаг. Энэ мэдээж дэлхийн хоногийн эргэлттэй холбоотой. Харин ямар од хэзээ мандах вэ гэдэг нь улирлаас хамаарна. Энэ нь дэлхийн нарыг тойрч байгаа хөдөлгөөнтэй холбоотой.

Одод тэнгэрт хэр удаан үзэгдэх нь хазайлтаасаа хамаараад өөр өөр байдаг. Яагаад ингэдгийг нь дэлхийн хойд хагаст байгаа ажиглагчийн хувьд зургаар тайлбарлав.

Одны тэнгэр дэх байрлал улирлаас яаж хамаарахыг багцаалдахад маш амархан. Үүнд одны цэх мандал дээр 12 цагийг нэмбэл хавар өдөр шөнө тэнцэх үеэр тэр од хэзээ яг орой дээр (ө.х. хамгийн өндөр цэгтээ) ирэхийг заана. Жишээлбэл, Долоон бурхны цэх мандал 12 цаг орчим учраас хавар 3 сарын 20-доор Долоон бурхан яг орой дээр шөнө дунд ирнэ гэсэн үг. Харин Маралын цэх мандал 5:30 цаг болохоор оройн 17:30-ын үед орой дээр ирнэ. Энэ үед нар хараахан жаргаагүй байх болохоор од харагдахгүй. Тэгэхээр харанхуй болсны дараа Марал тэнгэрийн баруун хэсэгт харагдаад хэсэг хугацааны дараа жаргах юм.

Бусад улирлын хувьд бол тухайн нэг одны орой дээр ирэх мөч 1 сард 2 цагаар урагшилна (эрт болно). Жишээлбэл 4 сарын 20-доор Долоон бурхан орой дээр 10 цагийн үед ирнэ. Харин Марал өдрийн 3:30-ын үед орой дээр ирэх болохоор нар жаргасны дараа харагдах хугацаа нь улам улам багассаар сүүлдээ шөнө огт харагдахаа болих ба сар орчмын дараа өглөө үүрээр нар гарахын өмнө зүүн талаас манддаг болох юм. Тодруулбал 6 сарын дундуур Марал өдрийн 12 цагийн үед орой дээр ирнэ. Энэ мөчид нар бас яг орой дээр байх болохоор орой нь Марал нартай хамт жаргаад тэр өдөртөө харагдахгүй өнгөрнө. Үүний өмнөхөн, жишээ нь 6 сарын эхээр Марал нарнаас 1 цагийн дараа жаргах учир орой маш богинохон хугацаанд үзэгдэнэ. Харин 7 сарын эхээр нарнаас 1 цагийн өмнө мандах бөгөөд үүрээр зүүн зүгт гялс харагдаад өнгөрнө гэсэн үг. Ингээд намар өдөр шөнө тэнцэх үеэр одны цэх мандал нь тухайн од хэзээ орой дээр ирэхийг шууд зааж өгнө. Энэ нь цэх мандлын тэгийг анхнаасаа ингэж тааруулснаас болж байгаа хэрэг.

Advertisements
This entry was posted in Одон орон and tagged , . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s