Григорийн тоолол

Нарны жилийн урт, өөрөөр хэлбэл хаврын өдөр шөнө тэнцэх цэгээс дараачийн тийм цэг хүртэл, эсвэл зуны туйлаас дараагийн зуны туйл хүртэлх хугацаа дунджаар 365.24219 хоног буюу 365 хоног 5 цаг 48 минут 45.2 секунд орчим байгаа. Эртний Египтийн календарь жилд 365 хоногтой байсан учир хаврын өдөр шөнө тэнцэх цэг календарьтай харьцуулахад 4 жилд 1 өдрөөр «хойшилдог». Ингэсээр жишээлбэл энэ жил зуны туйл 6 сард болж байсан бол 400 жилийн дараа 9 сард болно гэсэн үг. Энэ календарь 1460 жилийн дараа эргэж «байрандаа» ирнэ. Эртний Египтийн соёл иргэншил лав л 2-3 ийм эргэлтийг үзтэлээ удаан оршин тогтносон байгаа.

Юлий Цезарийг хүчирхэгжих үед Ромын календарь бүр Египтийнхээс дор холион бантан болчихсон байсан. Тэрбээр календарийг шинэчилье гэж олон жил бодож, олон мэргэдээс зөвлөгөө авсны эцэст МЭӨ 45 оноос эхлэн 4 жилд нэг өндөр жил оруулдаг шинэ календарийг мөрдөх зарлиг гаргажээ. «Юлийн тоолол» гэж алдаршсан энэ календарийн эхний 400 гаран жилд хаврын өдөр шөнө тэнцэх цэг хэзээ болсныг дорх зурагт үзүүлэв.

Жирийн үед энэ цэг Египтийн тоололтой адилаар 3 жил дараалан жил бүр 6 цагаар хойшлох бөгөөд 4 дэх жилд нь өндөр жил тохион, ойролцоогоор 18 цагаар «буцааж татаж» байгааг ажиглаарай. Юлийн тоолол Египтийнхийг бодвол хамаагүй тогтвортой боловч өдөр шөнө тэнцэх цэг маш удаанаар улам улам эрт болж байгааг бас ажиглаарай. Энэ юутай холбоотой вэ гэхээр Юлийн тооллын жилийн дундаж урт нь 365 хоног 6 цаг тул жилийн уртын бодит утгаас 11 минут 15 секундээр урт байгаатай холбоотой. Тэгэхээр энэ зөрөө хуримтлагдсаар 128 жилд 1 хоног болно. Зураг дээрээс харахад 400 гаран жилд 3-4 өдрийн зөрөө гарч байгаа нь үүнтэй нийцэж байна.

Энэ зөрөөг хүмүүс нэг их тоолгүй явсаар 16-р зуунтай золгоход хаврын өдөр шөнө тэнцэх цэг 3 сарын 10-11 хавьцаа болдог болсон нь тооллоо шинэчлэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байгаа.

Тэгээд Италийн эрдэмтэн Луижи Лилиогийн санаан дээр үндэслэн, тэр үеийн Ромын пап Григорий XIII зарлиг гарган календарийн шинэчлэл хийжээ. Юуны өмнө, хаврын өдөр шөнө тэнцэх цэгийг 3 сарын 21 хавьцаа буцааж аваачихын тулд 1582 оны 10 сарын 4-ний дараа шууд 15-н гэж тоолсон байгаа. Өөрөөр хэлбэл тооллыг 11 өдөр алгасуулсан. Мөн Юлийн тооллын өндөр жилээ шийдэх дүрмэнд бага зэрэг засвар оруулсан. Үүнд, 400 жил тутамд 3 өндөр жилийг жирийн жил болгоно. Жишээлбэл, Юлийн тооллын дүрмээр 1700, 1800, 1900 онууд өндөр жил болох ёстой боловч шинэ дүрмээр эдгээр нь жирийн жил болно. Ө.х. эдгээр жилүүдэд өдөр шөнө тэнцэх цэгийг «буцааж татахгүй».

Харин 1600, 2000, 2400 онууд өндөр жил хэвээрээ үлдэнэ.

Хэрвээ 384 жилд 3 өндөр жилийг жирийн жил болгодог байсан бол Юлийн тооллын нөгөө 128 жилд өгдөг 1 өдрийн зөрөөг яг арилгах байсан (гэхдээ энэ нь өөрөө жилд 0.2 сек орчмын алдаатай тооцоо байсан гэдгийг санаарай). Энэ нь 400 жилд 1/8 хоногийн зөрөө, ө.х. 3200 жилд 1 хоногийн зөрөө өгнө гэсэн үг. Григорийн тооллын энэ өчүүхэн алдааг дараах зураг дээрээс олж хараарай.

Advertisements
This entry was posted in цаг тоолол. Bookmark the permalink.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s