Цагаан сарын аажим шилжилт

Төгсбуянтын тооллын цагаан сар жилээс жилд хэзээ болж байсан, ирээдүйд хэзээ болох вэ, ерөнхийдөө хойшилж эсвэл урагшилж байгаа юу гэдэг асуудлыг сонирхоё. Дорх зурагт 1900–2024 оны хоорондох цагаан сарын шинийн нэгэн аргын тооллоор ямар өдөр тохиохыг үзүүлэв.

1900–2024 оны хоорондох цагаан сарын шинийн нэгэн

Энд хэд хэдэн ойролцоо зүй тогтол шууд ажиглагдаж байгаа. Нэгдүгээрт, өнгөрсөн жил илүү саргүй жил байсан бол цагаан сар өнгөрсөн жилийнхээс 11 хоног орчмоор эрт болно. Харин илүү сартай байсан бол 19 орчим хоногоор хойшилно. Энэ мэдээж сарны үечлэл (буюу хоёр битүү сарны хоорондох хугацаа) ≈29.530588 хоног учраас 12 билгийн сар 29.53 · 12 ≈ 354 хоног, харин 13 билгийн сар 29.53 · 13 ≈ 384 хоногийн урттай байдагтай холбоотой. Цаашилбал, ихэнх тохиолдолд 3 жил тутамд нэг илүү сар орж байгаа. Ийм үед билгийн тооллоор 3 жил нь 29.53 · (12+13+12) ≈ 1092.6 хоног, харин аргын тооллоор 1095 эсвэл 1096 хоног. Тэгэхээр дунд нь 2 илүү сар орчихгүй л бол 3 жил болоод цагаан сар 2–4 өдрийн өмнөх байрлалд «буцаж ирнэ» гэсэн үг. График дээр энэ нь зүүн дээрээс үл ялиг баруун доошоо чиглэсэн, хар цэгүүдийг холбосон шулуунууд болж харагдана. Ингэж явж байгаад хэт эрт болох гээд ирэнгүүт нь 2 илүү сар оруулаад бүр «дээш нь шидчихнэ».

Өөр нэг ойролцоо зүй тогтол ажиглагдаж байгаа нь 5 жил тутамд цагаан сар ойролцоогоор 5 хоногоор хойшилж байгаа. График дээр энэ нь зүүн доороос баруун тээшээ чиглэсэн, хар цэгүүдийг холбосон шулуунууд болж харагдана. Ийм үед дунд нь дандаа 2 илүү сар орж байгаа. Өмнөх маягаар тооцоо хийвэл ийм билгийн 5 жил 29.53 · (12+13+12+13+12) ≈ 1831 хоногийн урттай, харин аргын 5 жил 1826 юм уу 1827 хоногийн урттай байна. Эндээс шууд 4 юм уу 5 хоногоор хойшлох нь харагдаж байгаа. Ингэж хойшлуулж байгаад хэт хойшлоод ирэнгүүт нь 5 жилд ганц илүү сар өгөөд «доош нь татчихна».

Ямар ч Төвд-Монгол календарь илүү сараа тооцохдоо дараах хялбар дүрмийг дагадаг. Үүнд илүү саруудын хооронд орж байгаа «энгийн» саруудын тоо нь 33, 32, 33, 32, … гэх мэтчилэн ээлжилдэг. Өөрөөр хэлбэл билгийн 65 жилд энгийн, илүү нийлээд 65·12+2·12=804 сар байна. Энэ нь ойролцоогоор 29.530588 · 804 ≈ 23742.5927 хоног. Харин Григорийн тоололд жилийн урт дунджаар 365.2425 хоног гэдгээс аргын 65 жилд 365.2425 · 65 = 23740.7625 хоног байна. Тэгэхээр 65 жилд цагаан сар ойролцоогоор 1.83 хоногоор (эсвэл 250 жилд 7 хоногоор) хойшлоно гэсэн үг.

Дорх зурагт 1747–2100 оны хоорондох цагаан сарын шинийн нэгнүүдийг дүрслэв. Эндээс цагаан сар аажмаар хойшилж байгаа нь тодорхой харагдана. Тухайлбал, Төгсбуянтын тоололд цагаан сар анх удаа 3 сард тохиох явдал 2025/3/1-нд болох юм. Үүнээс хойш энэ зуунд нийтдээ 3 удаа ийм орой цагаан сар болох нь 2044/2/29, 2063/3/1, 2090/3/1-ний өдрүүдэд таарна.

1747–2100 оны хоорондох цагаан сарын шинийн нэгэн

Advertisements
This entry was posted in Одон орон, цаг тоолол and tagged , , . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s