Бүх хүн зэрэг үсэрвэл дэлхий хөдлөх үү?

Дэлхийн бүх хүн нэг газар цуглаж байгаад зэрэг үсэрвэл дэлхийг хөдөлгөж чадах болов уу? Хэдүүлээ маш хялбар тооцоо хийгээд үзье л дээ. Дэлхийн хүн амыг ихээр бодож 8 тэрбум, нэг хүний дундаж массыг 70кг гэвэл нийт хүний масс хамгийн ихдээ 0.6 тэрбум тонн буюу 6\cdot10^{11}кг болно. Дэлхийн масс ойролцоогоор 6\cdot10^{24}кг, энэ нь бүх хүний массаас 10^{13} дахин их. Хүмүүс үсэрч ч байсан яаж ч байсан ялгаагүй нийт системийн хүндийн төв хадгалагдана. Тэгэхээр жишээлбэл, бүх хүн яг зэрэг 1метр өндөрт үсэрсэн гэвэл дэлхий 10^{-13}м буюу 0.1пикометр хэмжээгээр шилжинэ. Энэ нь устөрөгчийн атомын диаметрээс 1000 дахин бага юм. Дэлхий ийм бага хэмжээнд шилжих ба нөгөө хүмүүс маань эргээд газар буухад дэлхий маань мэдээж буцаад байрандаа оччихно.

Дээрх тооцоонд дэлхийг үнэмлэхүй хатуу биет гэж үзсэн байгаа. Яг үнэндээ бол дэлхийн хөрсний нэг хэсэгт ямар ч хүчтэй цохилт доргио болсон гэсэн нөгөө хэсэгтээ тэр дороо мэдэгдэхгүй, энэ доргио нь газар дотуур дууны хурдаар тархана. Газраар дамждаг хамгийн хурдан дууны долгион 10км/сек орчим хурдтай тархдаг. Хүн 1метр өндөрт үсрээд буухад 1 секунд орчим хугацаа зарцуулна. Энэ хугацаанд «хүмүүс үсэрсэн тухай мэдээлэл» дөнгөж 10км орчим газарт тархсан байна. Өөрөөр хэлбэл хүмүүс үсрээд буухад дэлхий бүхлээрээ хөдлөхгүй, сайндаа л 10–20км хэмжээтэй газар жаахан доргилт өгөөд л дуусна гэсэн үг.

Энэ үсрэлтээр тэр хавийн газар орон хэр их доргих вэ гэдэг талаар ойлголт авахын тулд ялгаруулсан энергийг нь тооцоё. Бүх хүн 1метр өндөрт үсэрсэн гэвэл 6\cdot10^{12}жоуль буюу 6теражоуль энерги ялгаруулна. Энэ нь Рихтерийн шатлалаар 5 баллын газар хөдлөлттэй дүйцэхүйц энерги бөгөөд иймэрхүү газар хөдлөлт барилга байгууламжинд бараг нөлөөлдөггүй, үл ялиг мэдрэгддэг сул газар хөдлөлтөндөө ордог. Тэсрэх бөмбөгний ялгаруулах энергитэй жишвэл 6теражоуль энерги нь 1500тонн тринитротолуолын тэсрэлтээс үүсэх энерги, эсвэл Хирошима дээр хаясан атомын бөмбөгнийхөөс 10 дахин бага энергид харгалзах юм.

Эцэст нь зүгээр зугаа болгож дэлхийн бүх хүнийг цуглуулахад хэр их талбай хэрэгтэй вэ гэдгийг бодож үзье. Нэг хүнд 1 квадрат метр талбай ногдуулна гэвэл 8000 квадрат км буюу ойролцоогоор Говьсүмбэр, Дархан-Уул хоёр аймгийг нийлүүлчихсэн юм шиг хэмжээний талбай хэрэг болно. Улаанбаатар хотын талбай 4700 квадрат км гэж байгаа тэгэхээр сайн шахаж байгаад дөрвөн уулын дунд багтаавал багтаачихаар л юм байна.

Advertisements
This entry was posted in Физик, Хялбар тооцоо, Элдэв зүйлс and tagged , . Bookmark the permalink.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s